Хятадын тал өнөөдрөөс Монголын экспортыг зогсоолоо

Эдийн Засаг
g.enkh@1day.mn
2021-11-28 13:09:59
Өнөөдөр буюу 2021 оны 11 сарын 28-ны өдрийн 14:00 цагт Эрээн хотын төмөр зам Монголоос экспортонд гарч буй бүх төрлийн задгай ачаатай вагонуудыг хүлээн авахгүй байх шийдвэр гаргалаа. Тодорхойгүй хугацаагаар тавиад буй энэ хоригоо тэд коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэмээн тайлбарлаж байна. Халдварыг бүрэн барьж тогтоож чадсан, дотоодын хөдөлгөөнөө бүрэн нээсний дараа ийм шийдвэр гаргасан нь эргэлзээгүй манайхныг "хашрааж" буй үйлдэл юм. Монголчуудын ганц амин зуулга болоод буй уул уурхайн бүх бараа, хөдөө аж ахуйн болон бусад төрлийн экспорт задгай вагонд ачигдан гардаг. Төмөр зам бол олон улсын стратегийн бодлогоор шийдвэрлэх асуудал байтал энэхүү шийдвэрийг Монгол, Оросын талтай зөвлөлдсөн эсэх нь тодорхойгүй байна. Дан ганц Монголын экспортоос гадна ОХУ-аас транзит тээврийн задгай вагонууд ч Эрээнд хүрдэг. Дэлхий дахинд эдийн засгийн хямрал нүүрлээд буй ийм эгзэгтэй үед импортын замуудаа хаалгаад хэцүүхэн байгаа Монголчууд давхар экспортоо хаалгаж жинхэнэ сөхрөх нь. Манай лаг лаг хэтийн төлөвлөгө ярьдаг "лаг гарууд" яаралтай арга хэмжээ авч чадахгүй бол Хятадын хашраалт хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй тул бидний туйлдах хугацаа мөн тодорхойгүй. Энэхүү шийдвэр нь Хятадын талаас манай нүүрсний үнийг тогтворжуулах арга хэмжээний нэг хэсэг, Орос, Хятадын хамтарсан нүүрсийг зөвхөн чингэлэгээр зөөвөрлөдөг болгох шийдвэрийн туршилт, эсвэл бүр хэдхэн хоногийн өмнө Хятад иргэдийг зодож нүдсэн гэх хэл ам татлаад буй УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг хүмүүжүүлэх арга ч гэж олон янзаар таамаглаж болохоор. Хятад руу экспортонд гарч буй задгай вагонтой ачааны тэргүүн эгнээд "Болд төмөр Ерөө гол"-ын төмрийн хүдэр хэдэн зуугаараа жагсдаг. Хэрэв эрхэм гишүүнтэй холбоотой тамааг үнэнд илүү ойртож буй бол нутаг нь хилтэй орй юм чинь гялс гүйгээд уучлалт гуйгаад ирвэл нэмэр болж мэдэх л юм.
Холбоотой мэдээ