“Жүр Үр” компанийн захирал Б.Мөнхзул: Хэдий эдийн засаг хүнд байгаа ч боловсрол, эрүүл мэндийн зардлаа битгий танаарай

Нийгэм
1day@1day.mn
2022-04-20 10:53:02

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Топ-100 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй МҮХАҮТ-д уулзлаа. Засгийн газар энэ оны улсын төсвийг тодотгохоор УИХ-д хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Ерөнхий сайд тодотголын төслийг бизнес эрхлэгчдэд танилцуулж, саналыг нь сонссон юм.

“Жүр Үр” компанийн захирал Б.Мөнхзул “Хэдий улсын төсөв хүнд байлаа ч боловсрол, эрүүл мэндийн салбарын зардлыг битгий танаараай гэж салбарын сайд нараас хүсье. Монгол Улсад эрүүл, боловсролтой иргэн л хамгийн чухал.

Манай улс “Роснефть” компаниас хамгийн их хэмжээний шатахуун авдаг, эхний арван худалдан авагчид багтдаг атлаа өндөр үнээр шатахуун авч байгааг анхаарна уу.

Үнийн өсөлтийг бууруулах арга хэмжээний хүрээнд үйлдвэрлэгчдийн НӨАТ-ыг бууруулж болох уу. Мөн репо  санхүүжилтийг хөрөнгө оруулалт хийх зорилгоор олон компани авсан.  Зээл төлөх хугацааг уртасгавал сайн байна.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар нийслэлээс 500 км-ээс хол зайд үйл ажиллагаа явуулж байгаа бол татварын хөнгөлөлт үзүүлэхээр заасан. Төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд энэ зайг ойртуулах хэрэгтэй.

Төрийн ордонд хурал чуулан болоход зочдын өдрийн хоолонд нэг хүнд 70 мянган төгрөг, цайны завсарлагаар нэг хүнд 18500 төгрөгийн зардал гаргадаг гэсэн. Энэ бол их өндөр тоо. Хувийн хэвшил үүнээс бага зардлаар ажиллана. Төр үйлчилгээний ажлаа хувийн хэвшлээр хийлгэх хэрэгтэй.

ТОП 100 ААН-ийг тодруулан, бидэнд өргөмжлөл өгдөг. Үүнийхээ оронд ядаж ногоон пасспорт олгож болох уу? Бид улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд хамгийн их хувь нэмэр оруулдаг.” гэв.

Ерөнхий сайд хариуд нь “Та бүхэн зардал бууруулна гэвэл бид хамтран ажиллахад бэлэн. Улс төрийн албан хаагчид ногоон пасспорттой байдаг. Яагаад ТОП 100 ААН-ийн захирлууд  ногоон пасспорт авч болохгүй гэж? Би энэ талаар ГХ-ны сайдтай ярилцана” гэв.

Холбоотой мэдээ