Нээлттэй бирж буюу “Монголын Хөрөнгийн Бирж”-ийн IPO

Эдийн Засаг
1day@1day.mn
2022-12-12 06:15:40

Дэлхийн улс орнууд хөрөнгийн биржээ олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгосноор хөрөнгийн зах зээлийн хөгжилд томоохон түлхэц үзүүлнэ гэдэгт санал нэгдэх болсон. Өөрөөр хэлбэл илүү уян хатан зарчмаар үйл ажиллагаа явуулах, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, цаашлаад шимтгэл, хураамж буурах гэх мэт эерэг шинэчлэлтүүдээс шалтгаалан нээлттэй хөрөнгийн биржтэй болсоор байгаа юм.

Монгол Улсын хувьд дээрх сайн туршлагыг хэрэгжүүлж, дэлхийн хөрөнгийн зах зээлтэй хөл нийлүүлэх буюу "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийг нээлттэй хувьцаат компани болгохоор шийдвэрлэж, андеррайтер компанийг сонгон шалгаруулах тендер зарласан билээ. Энэхүү сонгон шалгаруулалтад “Инвескор Капитал” үнэт цаасны компани үндсэн андеррайтераар оролцох төлөвлөгөөгөө “Санхүүгийн Зохицуулах Хороо”-нд албан ёсоор хүлээлгэн өглөө.

Инвескор Капитал ҮЦК нь тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд үнэт цаасны зах зээлд брокер, дилер, андеррайтерын үйлчилгээ үзүүлдэг салбартаа тэргүүлэх компаниудын нэг бөгөөд СЗХ-д өгсөн төлөвлөгөөндөө туслах андеррайтераар “Голомт Капитал”, “ТиДиБи секьюритиз” буюу салбарынхаа томоохон төлөөлөл болсон үнэт цаасны компаниудтай хамтран ажиллахаар тусгаад байна.

Монголын хөрөнгийн бирж олон нийтэд нээлттэй хувьцаат компани болсноор өрсөлдөх чадвар сайжирч, бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл нэмэгдэх мөн жижиг, дунд бизнес эрхлэгчид, старт-ап компаниудын үнэт цаас гаргах үйл явц илүү хялбар болно гэдэгт итгэлтэй байна.


Хөрөнгө оруулалтын мэргэшсэн зөвлөх 

Инвескор Капитал ҮЦК

Холбоотой мэдээ