Говь-Алтайнхан уул уурхайн лицензүүдийг цуцална

Эдийн Засаг
e.tselmeg@1day.mn
2022-01-04 09:04:18
Говь-Алтай аймагт геологийн судалгаа 1960-аад оноос эхэлжээ. Одоогоор алт, зэс, нүүрс, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмалын 86 орд, 680 гаруй эдэлбэр бүртгэгдсэн байна. Аймгийн 564.1 мянган га талбайд ашигт малтмалын ашиглалтын 57, хайгуулын 73, түгээмэл тархацтай ашигт малтмалын 9, нийт 139 тусгай зөвшөөрөл олгожээ. Үүнээс 2021 оны байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 8 талбайд 5 уурхай, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 45 талбайд 30 ААН үйл ажиллагаа явуулж байна. Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар "Аймгийн өмнөх удирдлагууд 2019 оны арванхоёрдугаар сард уул уурхайн компаниудтай уулзалт хийж, гэрээ байгуулжээ. Энэ уулзалтаар тодорхой хэмжээний хуримтлал бий болгож, аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахаар ярилцаж тохиролцсон байна. Гэтэл өнөөдрийг хүртэл уул уурхайн компаниуд энэ үүргээ биелүүлсэнгүй. Тиймээс 2022 оны нэгдүгээр улиралд багтаан "Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа-2019" гэрээний хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхийг энэхүү уулзалтаар сануулж байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч цөөн хүмүүс, компани баяждаг биш газрын доорх баялгийг бүгдэд тэгш хүртээхийн тулд уул уурхайн компаниуд Говь-Алтай аймгийн иргэдэд ээлтэй зарчмаар ажиллах хэрэгтэй. Гэрээг хоёр талаас хүлээн зөвшөөрч гарын үсэг зурдаг. Тиймээс хэрэгжүүлэхгүй байх боломжгүй. Гэтэл Говь-Алтай аймгийн Цээл суманд үйл ажиллагаа явуулдаг "Алтайн хүдэр" ХХК 2014 онд нийгмийн хариуцлагын гэрээ байгуулсан хэр нь нэг ч заалтыг биелүүлээгүй байна. Тухайлбал:
-Таяннуурын уурхайгаас Бургастайн боомт хүртэлх 168.3 км хатуу хучилттай авто замыг барьж дуусгаагүй /68 километр зам барьсан/
-Цээл сумын иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх "Шинэ Цээл" төслийг хэрэгжүүлээгүй.
-Баяжмал тээвэрлэлтийн аж ахуйн нэгжийг аймагт бүртгүүлж, автотээвэр, болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, уурхайчдын цалин хөлснөөс суутгасан ХХОАТ, Агаарын бохирдлын төлбөр хураамжийг аймаг, орон нутгийн төсөвт 100 хувь төвлөрүүлээгүй, өр үүссэн
-Цээл сумын цэцэрлэгийн барилгын ажил дуусаагүй
Оюутны тэтгэлэгт хөтөлбөр, "Нүүрс" төслийг тус тус хэрэгжүүлээгүй.
-Нөлөөллийн бүсийн сумдад "Гамшгийн сан" байгуулаагүй. /Зөвхөн Цээл суманд 2021 онд 41.2 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн/
Энэ компани Говь-Алтай аймагт арав гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа боловч аймгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсангүй. Газрын баялгийг хүртэж байгаа бол тухайн орон нутгийн хүмүүст ээлтэй байх тал дээр анхаарч "Алтайн хүдэр" ХХК-ийн буруу жишгийг бүү давтаасай гэж хүсэж байна. Энэ компани гэрээний хариуцлагаа биелүүлэхгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах ажлыг эхлүүлнэ. Цуцлахаас өөр арга байхгүй" гэлээ.
Холбоотой мэдээ