ГАДААД ВАЛЮТЫН ОРОХ УРСГАЛ ОЙРЫН ХУГАЦААНД НЭМЭГДЭХ БОЛОМЖТОЙ БАЙНА
Эдийн ЗасагБидний төсөөлж байгаагаар гадаад орчны тодорхой бус байдал хэсэг хугацаанд үргэлжлэх төлөвтэй. ОХУ, Украины хооронд үүссэн нөхцөл байдал хэзээ дуусахыг хэлж мэдэхгүй ч. өмнөд хил дээрх хүндрэлтэй асуудлуудыг Засгийн газраас ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Тэгэхээр 4 дүгээр сардаа багтаагаад нүүрсний уртын тээврийг эхлүүлснээр борлуулалт нь тодорхой хэмжээнд нэмэгдэж, орох урсгал сайжирна гэж хүлээж байна. Тиймээс он гарснаас хойш буюу сүүлийн 1-2 сарын хугацаанд үүссэн нөхцөл байдал тодорхой хэмжээгээр арилна гэж бид харж байна.
- Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төсөл хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлнэ гэж төлөвлөөд байна. Тэдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд валютын ханшийн алдагдал хүлээх эрсдэл харагдаж байна уу?
Валютын ханшийн эрсдэл гэдэг нь зөвхөн Монгол Улсад ч биш, дэлхийн бүх улс оронд байдаг үзэгдэл. Манай үндэсний мөнгөн тэмдэгт төгрөг нь нөөцийн валют биш. Бид өөрсдийгөө АНУ-тай харьцуулбал өрөөсгөл болно. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа төр, ААН, иргэдэд ханшийн эрсдэл байх нь зайлшгүй. Тиймээс тухайн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүд нь ханшийнхаа эрсдэлийг зөв тооцоод, эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авах боломж нь нээлттэй.
- Валютын нөөцийг бүрдүүлэхэд алт худалдан авалтын нөлөө ямар хэмжээнд байдаг вэ. Нөөцийн хүрэлцээт байдал хэр хэмжээнд байна вэ?
Монголбанк өнгөрсөн жил 20.9 тонн үнэт металл худалдаж авсан. Энэ жилийн хувьд 24 тонн алт худалдаж авах хүлээлттэй байна. 20-24 тонн үнэт металл гэдэг нь 1-1.2 тэрбум ам.доллараар нөөцийг нэмэгдүүлнэ.
Одоогийн байдлаар гадаад валютын нөөц 3.3 тэрбум ам.доллар хүрээд байна. Энэ нь манай улсын 6-7 сарын импортын хэрэгцээг хангах буюу олон улсын жишгээр харвал харьцангуй хангалттай түвшин юм. Иргэдэд хандаж хэлэхэд ханш суларна гэсэн хүлээлтээр төгрөгийн хуримтлалаа ам.долларт шилжүүлэх гэж яарах шаардлагагүй. Бидний хувьд нөхцөл байдал тогтворжино гэж үзэж байна.
- Иргэд найман шаргын ханшаар зах зээлийг төсөөлж байна. Гэтэл гол гүйлгээ хийдэг талбар нь арилжааны банк хооронд явагддаг. Монголбанкны албан ханшийн талаар тайлбарлаж өгнө үү?
Валютын зохицуулалтын тухай хуулиар Төв банк албан ханшийг зарладаг. Өнөөдрийн мөрдөгдөж байгаа албан ханш нь уржигдрын 15:00 цагаас өчигдрийн 15:00 цагийн хооронд банк хоорондын зах дээр хийгдсэн бүх валютын арилжааны дундаж юм. 2021 онд банк хоорондын зах дээр нийт 17 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний валютын арилжаа хийгдсэн байна. Энэ нь дотоодын валют арилжааны 95%-ийг бүрдүүлжээ. Монголбанкнаас зарлаж байгаа ханш бол энэ арилжааны дундаж учраас зах зээлийн, илүү бодитой ханш гэсэн үг. Найман шарга дээр зарлагдаж байгаа ханш нь ихэвчлэн бэлэн валютын арилжааны ханш юм. Тиймээс зах дээрх хүлээлт өөрчлөгдөж, хүмүүст болгоомжлол бий болохоор валютын арилжаа хийдэг иргэдийн хувьд ашиг олох зорилгоор ханшаа өндөрсгөх үзэгдэл гардаг. Үүнийг Санхүүгийн Зохицуулах Хороо, хууль сахиулах байгууллагуудтай хамтран нарийвчлан шалгаж байна.