ЖДҮ эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлоно

Эдийн Засаг
e.tselmeg@1day.mn
2022-02-16 14:49:39

Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар өөрийн орны бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдийг дэмжин ажиллахаа илэрхийлж байна. Тодруулбал, дотоодод үйлдвэрлэсэн Монголын үндэсний бараа, бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд гаргах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана. Энэ нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх гол үндэс болно гэдгийг ерөнхий консул Ё.Нямжав онцолж байна

Энэ үүднээс тус Ерөнхий консулын газар нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-тай хамтран “ЖДҮҮ эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлох нь” хэлэлцүүлгийг цахимаар зохион байгуулав.

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төвийн захирал Г.Гангамөрөн энэ удаагийн хэлэлцүүлгийг цаг үеэ олсон, ач холбогдолтой үйл ажиллагаа болсныг сайшааж, бодит мэдээлэл солилцоо нь бизнес эрхлэгч нарт нэн чухал болохыг дурдав. 

Хэлэлцүүлгийн үеэр Шанхай хотод үйл ажиллагаа явуулж буй “Shanghai Shine” Trading Co.,Ltd, гүйцэтгэх захирал Б.Золцэнгэл “Монголын бүтээгдэхүүн өмнөд Хятадын зах зээлд” сэдвээр, “High Payment Solution” ХХК-ийн газрын захирал Б.Эрдэнэ “Хил дамнасан онлайн худалдаа” сэдвээр, “SFSL” ХХК-ийн менежер Б.Эрдэнэцэцэг “Гараас гарт олон улсын шуудангийн үйлчилгээ” сэдвээр, МҮХАҮТ-ын Шанхай хот дахь төлөөлөгч Б.Мэлмүүн “БНХАУ-д зохион байгуулдаг томоохон экпо” сэдвээр тус тус илтгэл тавив. Хэлэлцүүлэгт 120 гаруй компани, ААН-ийн төлөөлөл цахимаар оролцож, мэдээлэл туршлага хуваалцав. 

Холбоотой мэдээ