Торгуулиа төлөөгүй бол гадаад паспорт олгохгүй

Нийгэм
1day@1day.mn
2022-04-27 09:09:08

Зөрчлийн тухай хуулийг 2017 оноос мөрдөж эхэлснээс хойш нийт 7.6 сая гаруй зөрчилд шийтгэл ногдуулжээ. Үүний 97 хувийг хүнд, гурван хувийг хуулийн этгээдэд хариуцлага тооцсон байна. Нийт зөрчлийн 95-аас дээш хувийг цагдаагийн байгууллага харьяалж шалган шийдвэрлэсэн бөгөөд жилд дундаар хоёр сая орчим зөрчил бүртгэгдэж байна. Энэ нь Монгол Улсын насанд хүрсэн иргэн бүр Зөрчлийн тухай хуулиар ямар нэгэн байдлаар торгуулж шийтгүүлж байна гэдгийг ч салбарын сайд Х.Нямбаатар  онцолсон удаатай.

Ерөнхийдөө Монгол Улсад торгох шийтгэлийн биелэлт ялангуяа бэлэн бус хэлбэрээр оногдуулсан торгох шийтгэлийн биелэлт туйлын хангалтгүй байдаг. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлаас  2021 онд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулиар биелэгдээгүй торгох шийтгэлийн нийт 66 орчим тэрбум төгрөгийн мөнгөн дүнгийн 50 хувийг өршөөн чөлөөлж 33 орчим тэрбум төлөгдөхөөс үүний 41 хувь 13 тэрбум төгрөгийн торгох шийтгэлийн дүн бодитоор биелэгдсэн байна. Үүнээс харахад  шийтгэлийн шинэ  төрөл, уян хатан механизмыг бий  болгох, хуулийн хэрэгжилт тэгш байдлаар, бүрэн хангагддаг байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай гэж Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд онцолжээ.

 

ХУУЛЬД ДАРААХ ӨӨРЧЛӨЛТҮҮД ОРНО


-Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь эрх бүхий этгээдээс оногдуулсан торгох шийтгэлийг тогтоосон хугацаанд биелүүлсэн бол шийтгэлийг хоёр дахин хөнгөрүүлнэ.

-Торгох шийтгэлийг биелүүлээгүй этгээдэд үзүүлэх төрийн  зарим төрлийн үйлчилгээг хязгаарладаг байх зохицуулалтыг тусгажээ. Өөрөөр хэлбэл, торгох шийтгэлийг биелүүлээгүй этгээдэд жолоодох эрхийн үнэмлэх олгох, сунгах, гадаад паспорт олгох, төрийн албаны шалгалтад оролцох, хуулийн этгээдийг тендер сонгон шалгаруулалтад оролцох зэрэг эрхэд тодорхой хязгаарлалт хийж болох зохицуулалтыг тусгаан байна.

-Түүнчлэн шийтгэлийн  төрлийг нэмэгдүүлж “сануулах” шийтгэлийг шинээр бий болгожээ. Өөрөөр хэлбэл, хуулийн тусгай ангид заасан зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд тухайн зөрчлийн үр дагаварыг тайлбарлаж, зөрчлийг арилгах боломж олгохыг сануулахаар тусгасан аж. Ийнхүү торгохоос өмнө нэг удаа сануулдаг байх зохицуулалт нь нийт зөрчлийн  90-ээс дээш хувийг эзэлдэг жолооч нарын зөрчлийн үйлдэлд бараг бүхэлдээ хамаарах юм байна. 

-Мөн жагсаал цуглаантай холбоотой зөрчлийн зарим үйлдэлд  эхний ээлжинд сануулах шийтгэл оногдуулах, мөн гамшгийн үеийн хорио цээрийн дэглэм  зөрчсөн үйлдэлд  оногдуулж байсан баривчлах шийтгэлийг хасч, Зөрчлийн тухай хуулийн  төслийг дагалдуулан Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд эрх бүхий байгууллагад мэдэгдэл хүргүүлж гурав хоногийн дотор хариу авахаар тусгасныг нэг хоног болгон өөрчлөн тусгажээ.

Холбоотой мэдээ