"Нисэхээс Сансарын тойрог хүртэлх хөнгөн галт тэрэгний замын бүтээн байгуулалтыг 5 сард эхлүүлнэ"

Нийгэм
1day@1day.mn
2022-04-20 04:49:35

Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх, авто замын сүлжээний ачааллыг бууруулах зорилгоор LRT буюу тулгуурт байгууламж бүхий хөнгөн галт тэрэг тавих төслийг хэрэгжүүлнэ гэдгээ нийслэлийн удирдлагууд мэдэгдсэн. Энэ талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж улсын төсөвт үйлдвэрийн газрын дарга Ч.Батзориг мэдээлэл өглөө.

Тэрээр “Улаанбаатар хотын нийтийн тээвэрт шинэ төрөл нэвтрүүлэх, нийтийн тээврийг хөгжүүлэх, авто замын сүлжээний ачааллыг бууруулах зорилгоор LRT буюу тулгуурт байгууламж бүхий хөнгөн галт тэрэг тавих төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээвэр нь гурван трасстай бөгөөд эхний ээлжид нэгдүгээр шугамын чиглэлийн трассын бүтээн байгуулалтын ажлыг 2022 оны тавдугаар сард багтаан эхлүүлэхээр төлөвлөсөн. Нэгдүгээр шугам нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо “Буянт-Ухаа 2” хороолол орчмоос Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо Сансарын тойрог хүртэл нийт 18.1 км үргэлжилнэ. Харин хоёрдугаар трасс нь Шар хаднаас Толгойт хүртэл 17.5 км, гуравдугаар трасс нь Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс Зунжин хүртэл 14 км байхаар тооцсон. Одоогийн байдлаар нэгдүгээр шугамын ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээг хийж дууссан. Тулгуурт гүүрэн байгууламжийн эхний шугамын төсөвт өртөг нь 926 орчим сая ам.доллар бөгөөд нэг километрийн зардал 51.1 сая ам.доллар байхаар тооцсон. Санхүүжилтийн 15 орчим хувийг нийслэлийн төсвөөс, 85 хувийг БНХАУ-аас авах зээлээр хийнэ. Нэгдүгээр шугамын трасс дагуу 15 буудалтай, 110 орчим га газарт бүтээн байгуулалт хийгдэнэ. Төслийн нөлөөлөлд өртсөн газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөсөн. Энэ газарт 30 га газарт депо, 63 га газарт авто зогсоол, 17 га газарт оффис, худалдаа үйлчилгээний зориулалтын бүтээн байгуулалт хийгдэх бөгөөд газар чөлөөлөхөд 7.5 орчим тэрбум төгрөг шаардлагатай.

Нэгдүгээр шугамын трассыг 2024 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулж, туршилтын галт тэрэг явж эхэлнэ. 2025 оноос нийтийн тээврийн үйлчилгээнд бүрэн шилжүүлэхээр төлөвлөсөн. Ингэснээр түгжрэл 25 хувиар буурна”.

Тулгуурт хөнгөн галт тэрэгний буудал болон зогсоолуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, түрээс болон бизнесийн үйл ажиллагааг явуулах боломжтой байхаар төлөвлөсөн. Тасалбарын үнийг зайнаас хамаарсан буюу эхний таван буудал 700 төгрөг, нэмэлт буудал тутамд 50 төгрөгөөр нэмэгдэхээр тооцсон. Эхлэлийн буудлаас эцсийн буудал хүртэлх тасалбарын үнэ 1200 төгрөг байна. Тасалбарын үнийг таван жил тутамд шинэчлэн тогтоож байхаар урьдчилан тооцоолсон. Галт тэрэг тодорхой цагийн хуваарийн дагуу тогтмол явах бөгөөд нэг ээлжид талдаа 600 орчим зорчигч тээвэрлэх боломжтой. Нийт 15 буудлын дөрвөн буудал нь газраар, 11 нь гүүрэн байна. Хөнгөн галт тэрэгний төсөлтэй хамт нийслэлийн тойрог замуудын төслийг давхар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна" гэлээ. 

Холбоотой мэдээ