Гадаадад ажиллах хүч гаргахад зуучлалын хөлс, урьдчилгаа авахгүй

Эдийн Засаг
e.tselmeg@1day.mn
2021-11-22 09:40:06
Өнгөрөгч баасан гаригийн чуулганы хуралдаанаар "Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуул"-ийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.
Дэлхий нийт цар тахлын улмаас хөдөлмөрлөх хүчний хомсдолд орж байгаа. Манай улс гадаадад ажиллах хүч илгээх бүрэн боломжтой улсын тоонд ордог атлаа "хэтэрсэн халамж"-ийн бодлогоосоо болон ажил хийх хүнгүй болсон нь үнэн. 2021 оны хувьд гадаадын 6045 иргэн Монгол Улсад ажил хөдөлмөр эрхэлж байна. Барилгын салбарт 26%, боловсролын салбарт 11%, боловсруулах үйлдвэрт 5%, мөн уул уурхай олборлолтын салбарт 36% нь ажиллаж байна. Дотооддоо ажиллах хүчний хомсдолд орохгүй байхын тулд төрийн системтэй бодлогоор зохицуулах шаардлагатай болсоныг ч гишүүд дурьдсан.
Хуулийн төслийн үйлчлэх хүрээ, зохицуулах харилцааг тодорхой болгож, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 181 дүгээр конвенцид нийцүүлэн зуучлуулагчаас аливаа төлбөр хураамж авахгүй байхаар тусгажээ. Мөн тусгай зөвшөөрөл авах хуулийн этгээдэд тавигдах нөхцөл, шаардлагыг тодорхой болгож, Төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор урьдчилан баталгаа олгох асуудлыг хассан байна. Зуучлуулагчид хохирол учруулсан тохиолдолд хохирлыг барагдуулах санхүүгийн чадамжтай байлгах зорилгоор зуучлагч компанийн өөрийн хөрөнгийн хэмжээг “300 сая” төгрөг болгон нэмэгдүүлж, гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын монгол ажилтны хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусган, гадаад улсад хөдөлмөр эрхэлж байх хугацаанд эрсдэл учирсан тохиолдолд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах санд хөрөнгө хуваарилахаар тусгасан байна.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Ойрын жилүүдэд улс орнуудад сувилагч эмчийн хэрэгцээ өсөх нь байна. Жишээ нь Францад сувилагч эмчийн хомсдолд орж, даац нь хэтэрсэн. Цар тахлын дөрөв дэх давлагаа эхэлж байна. Удахгүй цар тахал намжина гэж байгаа ч дэлхийн голлох сэтгүүлд цар тахлын дараагийн давлагаа ирж байгааг бичиж байна. Энэ дээр зохицуулалт орсон уу. Манай улс ажиллах хүчний хомсдолд ороод байна уу” гэдгийг тодрууллаа.
УИХ-ын гишүүн С.Чинзориг “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль батлагдаад 20 жил болж байна. Зөвхөн хуулийн этгээд гадаадаас ажиллах хүч авах, гадагш нь ажиллах хүч, дадлагажигч илгээх зохицуулалт оруулж байна. Одоогийн мөрдөгдөж буй хуулиар гадагшаа ажиллах хүч илгээхийг хуулийн этгээд иргэн, ТББ байгаа учраас эдийн засгийн чадавхгүй иргэд төрийн бус байгууллагууд гадагшаа ажиллах хүч илгээнэ гэсэн тусгай зөвшөөрөл авчхаад иргэдийг хохироох, санхүүгийн чадамжгүй иргэдэд тусгай зөвшөөрөл олгодог асуудал байдаг. Иргэдээ эрсдэлд оруулахгүйн үүднээс гадагшаа ажиллах хүч зуучлах дадлагажигч илгээх асуудлыг зөвхөн хуулийн этгээд байхаар оруулж ирсэн” гэв.
Холбоотой мэдээ