Хоолны давс харвалтын нэг шалтгаан болдог

Эрүүл мэнд
g.enkh@1day.mn
2022-02-16 13:39:18
Монголчууд өдөр тутмын эрүүл, зөв амьдралын хэв маяг алдагдсанаас үүдэх өвчлөлөөр бусад орнуудтай харьцуулахад нэлээд дээгүүрт бичигдэх болсон. Энгийн аргаар эрүүл мэндээ хамгаалж, хүнд өвчнөөс сэргийлэх олон арга, зөвлөгөөг бид цувралаар хүргэнэ. Энэ удаад сүүлийн үед хамгийн ихээр залуужсан гэгдэх болсон цус харвалтын тухай “Нууц увидас” эмнэлгийн эмч Д.Бямбаатай цөөн хором ярилцлаа.
Тархины харвалт гэж юу вэ?
Тархины харвалтыг дотор нь тархины цус хомсрох, тархины харвалт гэж ерөнхийд нь ангилдаг. Цус хомсрох харвалтын үед артерийн судас бөглөрсний улмаас тархинд цусан хангамж дутагдан, хүчилтөрөгчийн дутагдалд орж, мэдрэлийн эд, эс үхэждэг. Тархины цус харвалт гэдэг нь тархины артерийн судас хагарснаас тархины эдэд болон тархины аалзавчин бүрхүүлийн дор цус хуралдахыг хэлнэ. Тархи нь амьсгал, зүрх судасны үйл ажиллагааг зохицуулах ухамсарт бус үйлдлээс гадна хөдөлгөөн, мэдрэхүй, тэнцвэр гэх мэт ухамсарт бүхий л үйлдлийг удирддаг тул тархины эд гэмтэж, эс үхжихэд бие даах чадвараа алдаж, хөгжлийг бэрхшээлтэй болох хүндрэл гардаг. Энэ тохиолдолд харвалтын дараах сэргээн засах эмчилгээг эрт эхлүүлэх нь чухал юм.
Тархины харвалт үүсэх шалтгаан юу вэ?
Тархины харвалтын тэргүүлэх шалтгаанд даралт ихсэх өвчин, зүрхний эмгэг (тосгуурын жиргэвнээ, хэм алдалт, хавхлагын эмгэг, төрөлхийн гажиг гэх мэт), чихрийн шижин өвчин, цусан дахь өөх тос ихсэх, стресс, архи, тамхи, жирэмсэнээс хамгаалах эмийн хэрэглээ, таргалалт зэрэг орно. Даралт ихсэх өвчин нь тархины харвалт үүсгэж буй шалтгааны 70%-ыг эзэлж байна.
Тархины харвалтыг яаж таних вэ?
Хамгийн энгийн арга бол “ХААХ” буюу харах, алхах, алдах, хэлэх гэсэн 4 шинж тэмдэгийг таних юм. Харвасан хүнд дараах 4 шинж тэмдэг илэрнэ:
Харах: Гэнэт хараагүй болох, юм хоёрлож харах, нүд хялар болох
Алхах: хөл сулрах, тэнцвэр алдагдаж гуйвах
Алдах: Биеийн нэг талын гар, хөл сулрах, явж чадахгүй болох, барж буй зүйлээ алдах.
Хэлэх: Хэл орооцолдож, дультрах, ээдрэх
Дээрх шинж тэмдэгээс аль нэгэн шинж тэмдэг илэрвэл яаралтай түргэн тусламж буюу 103 дуудах эсвэл хамгийн ойрын эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй. Тархи бол цаг хугацаа, минут секундээр хэмжигддэг тул эрт эмнэлгийн байгууллагад хандсанаар хөдөлмөрийн чадвар алдах, цаашлаад амь насаа алдах эрсдэлээс хамгаалах боломжтой юм.
Тархины харвалтын дараа ямар эмчилгээ хийгддэг вэ?
Тархины харвалтын дараа харвалтын хэв шинж, эмнэлэгт хандсан хугацаанаас хамаараад эмчилгээний арга, тактик өөр байдгаас гадна амьдралын чухал эрхтэн системийн үйл ажиллагааг хэвийн түвшинд байлгах тархины харвалтын суурь эмчилгээ, мэс заслын эмчилгээ, тархины судсан дотуурх ажилбар гэх мэт эмчилгээ хийгддэг. Түүнчлэн сэргээн засах, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, хэл засал эмчилгээг харвалтын эхний өдрүүдээс хийснээр харвалтын дараах саа, саажлыг багасгах, хөдөлмөрийн чадвар алдагдалтыг бууруулах чухал ач холбогдолтой. Дахин харвахгүй байхаас сэргийлж өөрчлөх боломжтой судасны халгаат хүчин зүйлийг багасгах, харвалтын анхдагч болон хоёрдогч урьдчилан сэргийлэлтийг хийхэд мэдрэл, зүрх судасны эмч зэрэг олон мэргэжлийн багийн хяналтанд байх нь чухал. Манай “Нууц увидас” эмнэлгийн мэргэшсэн баг, хамт олон мэргэжлийн өндөр түвшинд тархины харвалтын дараах эмчилгээ, хяналтыг цогцоор хийн ажиллаж байгааг дуулгахад таатай байна.
Тархины харвалтаас урьдчилан сэргийлж болох уу?
Тархины харвалт бол бүрэн сэргийлэх боломжтой болох эмгэг юм. Харвалтад хүргэж болох эрсдэлт хүчин зүйлс хөдөлгөөний дутагдал, тамхи татах, давсны хэт хэрэглээнээс зайлсхийх, таны даралт ихэсдэг бол тогтмол даралтны эмээ уух, чихрийн шижинтэй бол цусан дахь сахараа хянаж, тогтмол эмээ уух шаардлагатай.
Цаг зав гарган зөвлөгөө өгсөн таньд баярлалаа.
Холбоотой мэдээ