Үс идэх зуршилтай хүүхдэд мэс засал хийж, ходоодонд нь бөөгнөрсөн 1.2 кг үсийг авчээ.

Эрүүл мэнд
1day@1day.mn
2022-04-11 13:44:17

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасагт үс иддэг зуршилтай 13 настай хүүхдийн ходоодонд бөөгнөрч түгжирсэн үсийг авсан байна. Үс идэх зуршилтай хүүхэд байдаг бөгөөд ЭХЭМҮТ-д 2022 оноос өмнө жилд 1-2 хүүхдэд мэс засал хийдэг байсан бол энэ он гарснаас хойш таван хүүхдэд энэ мэс засал хийжээ. Энэ талаар ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч, Клиникийн профессор А.Цэнджаваас тодрууллаа.

-Танай багийнхан хэдэн настай хүүхдэд мэс засал хийсэн бэ? 
-Дөрөвдүгээр сарын 1-ний өдөр 13 настай охины ходоодонд бөөгнөрсөн үсийг авах мэс засал хийлээ. Мэс засал амжилттай болж, хүүхэд эмнэлгээс гарсан. Ходоодноос нь 1.2 кг үс гарсан. Энэ хүүхдийн тухайд Улаанбаатар хотын харьяат, 1-2 жилийн турш үс идсэн байж магадгүй. Үүнийг анагаахын хэллэгээр “үс бөөгнөрөх хам шинж” гэж оношилдог юм.

-Гэхдээ хүүхэд үс идэж байгаа нь асуудал байх, тийм үү? Үс идсэний улмаас мэс засалд орох хүүхдийн тоо нэмэгдэж буй нь анхаарал татаж байна л даа?
-Тийм ээ. Гаж зуршил гэж хэлж болно. Хүний идэж үл болох зүйлсийг идэж байгаа бол хэвийн биш үзэгдэл шүү дээ. Хамгийн сүүлд хагалгаанд орсон хүүхдийг ЭХЭМҮТ-ийн сэтгэл зүйч эмч үзээд, “Энэ хүүхдэд сэтгэл зүйн тусламж үзүүлэх шаардлагатай” гэж оношилсон. Өмнө нь таван настай хүүхдэд мөн ийм мэс засал хийсэн. Тэр хүүхэд бол хэт хөдөлгөөнтэй охин байсан. Багаасаа эсгий идсэн нэг хүүхэд орон нутгаас ирж, мэс засалд ороод явсан.

-Тэгэхээр эцэг, эхчүүд хүүхдэдээ цаг гаргаж, анхаарал тавих шаардлагатай гэсэн үг биз? 
-Хүүхдийн хүмүүжил бол хамгийн чухал.

Эцэг, эхчүүд хэдийгээр ажил алба ихтэй ч хүүхдэдээ цаг зарцуулах, анхаарал хандуулах, ямар нэг буруу зуршил тогтохоос сэргийлэх шаардлагатай.

-Үс иддэг хүүхдэд ямар шинж илрэх бол? 
-Хүүхдээ ажиглах хэрэгтэй. Үс нь унаж, халцраад байвал хардах ёстой. Ийм хүүхдүүд саманд үлдсэн үсний сэв, энд тэнд унасан үс түүж иддэг.

Үс ходоодонд шингэхгүй учир орооцолдон бөөгнөрч, түгжрэл үүсгэнэ. Үүний улмаас хүүхэд огиж бөөлждөг. Энэ үед нь л хүүхдээ эмнэлэгт авчирч байна.

Бид хүүхдийн ходоодонд бөөгнөрсөн үсийг мэс заслын аргаар аваад явуулж байна. Ингэснээр нэг асуудал нь шийдэгдэнэ.

Цаашид хүүхдэдээ анхаарал хандуулах, ямар хэрэгцээ нь үгүйлэгдэж байгааг анзаарах, хүүхдэдээ туслах, сэтгэл зүйн тусламж авах шаардлагатай. 

 
Холбоотой мэдээ