Голомт банкны тэтгэлэг хүртэх 100 оюутан тодорлоо

Фото
e.tsolmon@1day.mn
2021-11-22 09:28:11

17 дахь жилдээ зарлагдаж буй тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдгийн шилдэг 100 оюутанд батламж гардуулах ёслолын арга хэмжээг энэ оны 11-р сарын 19-ний өдөр зохион байгуулж, оюутнуудад батламж болон мөнгөн тэтгэлгийг гардуулан өгсөн юм. Голомт банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын их, дээд сургуулиудын төгсөх курсийн оюутнууд мэргэжил харгалзахгүй хамрагдах боломжтой бөгөөд өргөн цар хүрээнд зохион байгуулагддагаараа давуу талтай билээ. Хөтөлбөрт шалгарсан оюутнууд бүтэн жилийн турш тэтгэлэг аваад зогсохгүй мэргэжлийн болон хувь хүний ур чадвар хөгжүүлэх сургалт, олон нийтийн арга хэмжээнд хамрагдах, банкны судлаач оюутны багт дадлага хийх, цаашлаад ажлын гараагаа банкнаас эхлүүлж, өсөн дэвжих зэрэг ихээхэн ач холбогдолтой.

Энэ жилийн хувьд тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг 4 үе шаттайгаар явуулж, оюутан залуусын санаа бодол, хүсэл зорилгыг сонсох, өөрсдийгөө нийгэмд нээн харуулах боломжийг олгосон нээлттэй бүтээл ирүүлэх шалгуурыг тавьснаараа онцлог болсон юм. Хөтөлбөрт материалаа ирүүлэн өрсөлдсөн нийт оюутнуудаас МУИС 44, СЭЗИС 17, ШУТИС 9, АШУҮИС 4 болон МУБИС, СУИС, ХААИС, MIU, ХУИС, Сити, Этүгэн, Отгонтэнгэр зэрэг их, дээд сургуулиудын 26 оюутан тус тус шалгарлаа.