Ерөнхий сайдын айлчлалын үр дүн

Улс Төр
e.tselmeg@1day.mn
2022-02-16 13:51:33

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж, “Бээжин- 2022” өвлийн XXIV Олимпын наадмын нээлтийн ажиллагаанд оролцлоо. Хүн төрөлхтөний эв нэгдлийн илэрхийлэл болсон Олимпын наадмын нээлтэд Монгол Улсын Засгийн Газрын тэргүүн оролцсон нь мөнхийн хөрш хоёр улсын харилцан ойлголцол, хамтын ажиллагааны эерэг байр суурийг харуулсан явдал гэж үзэж болох юм. Хоёр улсын Ерөнхий сайд нарын уулзалт хэд хэдэн салбарт нэлээд ач холбогдолтой боллоо. Тухайлбал хамтран хэрэгжүүлэх боломжтой зарим томоохон төслүүдийн талаар санал солилцож, нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүд нүүрс худалдан авах урт хугацааны гэрээ байгуулах тухай яриа өрнүүлсэн. 

-“Монголбанк, Хятадын Ардын Банк хооронд байгуулсан Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээ”-ний хугацааг цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг хэвийн байдалд ортол буюу 2026 он хүртэл гурван жилээр сунгах талаар ярилцлаа.

-Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн 987 километр хурдны зам барих төслийг эрчимжүүлэх талаар санал солилцов.

-Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд БНХАУ-ын дэвшилтэт технологид тулгуурласан тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, хурдны тойрог замын сүлжээ байгуулах зэрэг төслүүдэд хамтран ажиллахаар зөвшилцлөө.

-Ерөнхий сайд нар ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу тавих хийн хоолойн төслийн ТЭЗҮ батлагдсан тул тус төслийн ажлыг эрчимжүүлэхээр харилцан тохиролцлоо.

-Цар тахлаас үүдэж, хязгаарлалтад ороод буй Замын-Үүд-Эрээн боомтыг хэвийн горимд оруулах асуудалд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийллээ.

-Цар тахлын эсрэг тэмцэлд Хятадын тал цаашид үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж, Ковид-19-ийн эсрэг вакцин нийлүүлэх боломжтойг илэрхийллээ.


Холбоотой мэдээ