Б.Энхбаяр гишүүн төмөр замын асуудлыг зүгээр орхихгүй

Улс Төр
e.tselmeg@1day.mn
2022-01-04 09:30:25
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Тус байнгын хороо өнөөдөр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилт, “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын 2021 оны урьдчилсан дүн”-гийн талаар мэдээлэл сонсох юм. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
Шинэ жилийн үеэр УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хороо нэг асуудал хэлэлцэж, тогтоол гаргасан байна. 2021 оны 12 дугаар сарын 28-ны 06 дугаар тогтоолын хоёр дахь заалтаар Эрдэнэс Тавантолгойн ХК-ийн бие даан болох бусад этгээдтэй хамтран хөрөнгө оруулж, санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийг энэ тогтоолын нэг дэх заалтад тусгаснаар хязгаарлаж, тэдгээрийг тус компанийн борлуулалтын орлого болон гадаад, дотоод зах зээлд үнэт цаас гаргах, зээл авах, нүүрс урьдчилан борлуулах зэрэг эдийн засгийн үр ашигтай нөхцөлөөр санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосугай гэсэн байна. Энэ заалттай холбоотой асуудал байна.
Үндсэн хууль, төсвийн хууль ёсоор төрийн өмчийн өмчлөгч нь УИХ. Төсвийг УИХ баталдаг. Төрийн өмчийн компанийн засаглалын асуудал Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудалд багтдаг. Үндсэн хууль зөрчигдөж байна. Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлыг өөр байнгын хороо хэлэлцэж байна. Энэ тогтоолын төсөлд УИХ-д өргөн баригдаагүй, гишүүдэд тараагдаагүй. Албан ёсоор өргөн барьж, гишүүдэд хоёр хоногийн өмнө тараах ёстой. Хэлэлцүүлгүүд дамжих ёстой. Хэлэлцүүлгийн үе шат явагдахгүй, Үйлдвэржилтийн байнгын хороон дээр тараагдаад, анхны хэлэлцүүлгээр баталж байна.
Бид төмөр замын асуудлыг олон жил ярьж байна. Төмөр замаа барьж чадаагүй нь манай улсын хөгжилд хамгийн их саад болж байна. Төмөр замын хулгайч бол хамгийн том хулгайч. Төмөр зам дээр хэдэн их наяд төгрөгийг хулгайлж, мөнгө угаасан гэж олон жил яригдаж байгаа. Нөгөө хулгайч нь төрийн тэргүүн байж байгаад больчихсон нэг нөхөр гэж яригддаг. Түүнийг төмөр замаас маш их мөнгө угаасан гэж яригддаг.
Тухайн үед тэрийг нь УИХ-аар оруулаагүй. Өмчийн эзэн нь хэлэлцээгүй, зөвшөөрөл аваагүй Тухайн үед 750 тэрбум төгрөгийг бонд босгож байгаа нэрээр шилжүүлж, өнөөдөр яасан нь мэдэгдэхгүй. Улсаараа хохирогч болчихоод сууж байна. Үүнийг нь араас нь зөвшөөрч байна. Байнгын хороо тогтоол гаргаж, энэ гэмт хэргийг нь цайруулж байгаа юм уу. Ингэж болдог юм уу.
УИХ-ын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 74 дүгээр тогтоолтой зөрчилдөж байна. Үндсэн хууль, УИХ-ын тогтоолтой зөрчилдсөн байнгын хорооны тогтоол гаргасан байна. Тиймээс энэ асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж, УИХ-ын нэгдсэн чуулганаар ярьж байж шийдэх саналтай байна" гэсэн санал гаргалаа.
Холбоотой мэдээ