Кёкүшюүзан Д.Батбаярын шүүх хурал хойшилжээ

Нийгэм
e.tselmeg@1day.mn
2022-01-04 09:11:11

Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяр нарыг 32 тэрбум төгрөгийн залилангийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Эх сурвалжийн мэдээлснээр, Кёкүшюзан Д.Батбаяр болон Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч гэх Н.Болормаа, "Сайхан ордос туурь" ХХК-ийн захирал Б.Цэрэндорж нар нь гадны хөрөнгө оруулагчдад хэд хэдэн төсөлд хамтран ажиллах санал тавьсан байна. Тэднийг 2009-2014 оны хооронд БНХАУ-ын хуулийн этгээд "Евроази интернэшнл инвестмент групп"-ээс тухайн төслүүдийн урьдчилгаа төлбөрт их хэмжээний мөнгө авсан ч бичгээр өгсөн амлалт, баталгаануудаас нь өнөөдрийг хүртэл нэг нь ч хэрэгжээгүй гэж үзжээ. Иймд дээрх нэр бүхий хүмүүсийг зохион байгуулалттайгаар бусдыг залилан мэхэлж, тус компанид 32,713,190,850 төгрөгийн хохирол учруулсан эсэхийг тогтоохоор шалгаж эхэлсэн байна. Тэдний гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааныг 2022 оны нэгдүгээр сарын 04-ний өдрийн 10:00 цагт товлосон. Гэсэн хэдий ч Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор П.Ганбулган нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаанд оролцож байгаа бөгөөд уг хуралдаан дуусаагүй үргэлжилж байгаа тул хойшлуулж өгнө үү гэх албан тоотыг шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч Б.Цэрэндорж нэмж өмгөөлөгч авсан бөгөөд хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, шүүгдэгч Д.Кёкүшюзанбатбаярын өмгөөлөгч Ж.Оюунболд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй зэргийг харгалзан шүүх хуралдааныг 2022 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Холбоотой мэдээ