Тэрбум 500 саяын нүүдэл үргэлжилсээр

Нийгэм
g.enkh@1day.mn
2021-12-27 00:43:14
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Хангарьд” ордныг нүүлгэх асуудлыг энэ ондоо багтааж дуусгахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын захиргаанд даалгасан. Засгийн газраас өгсөн үүргийн дагуу хотын захиргааныхан 12 сарын 25-ны өдрөөс нүүж эхэлсэн. Covid-19 цар тахлын халдвараас шалтгаалан өнгөрсөн 06 сарын 23-ны өдрөөс эхлэн Яармаг дахь хотын захиргааны барилгад 300 хүнд үйлчлэх Яаралтай тусламжийн түр төв байгуулан ажиллаж байсан юм. Халдвар хумигдсантай холбогдуулан тусламжийн төвийг буулгаж, тус байранд ариутгал халдваргүйжүүлэлт, засвар үйлчилгээ хийж, Улсын комисс хүлээн авснаар хотын захиргааныхан нүүхэд бэлэн болжээ. Нийслэлийн нутгийн захиргааны төвийг 12 сарын 31-нээс өмнө Яармаг дахь нутгийн захиргааны төв цогцолбор руу нүүлгэнэ гэж хотын дарга Д.Сумъяабазар мэдэгдсэн. Энэхүү нүүлгэлтийн зардлыг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 10 сарын 7-нд баталсан байна. Тодруулбал, нүүлгэлтийн зардалд 500 сая төгрөг, нутгийн захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулахад нэг тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Яармаг руу нүүлгэх ажлын төсвийг НИТХ-ын өнгөрсөн 11 сарын 7-ны хуралдаанаар баталсан бөгөөд Нийслэлийн 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолоор дамжуулж баталсан байна. Ингэхдээ нүүлгэлтэд нэг тэрбум 500 сая төгрөг төсөвлөсөн аж.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүхийн байр, материаллаг баазыг бэхжүүлэх асуудлыг дэс дараалалтайгаар шийдэх нь зүйтэй гэж үзээд, "Хангарьд” ордныг Улсын дээд шүүхэд үйл ажиллагаа явуулах чиглэлийг Засгийн газарт өгсөн байдаг.
Холбоотой мэдээ