С.Амарсайхан: Халдварын тархалтыг дахин дотооддоо алдахгүй байх

Нийгэм
e.tselmeg@1day.mn
2021-12-06 04:22:30
Дэлхийн зарим оронд халдварын шинэ хувилбар бүртгэгдсэнээс хойш Улсын онцгой комиссоос хэд хэдэн зохицуулалтыг хийсэн. Тухайлбал, Covid-19 халдварын мутацилагдсан шинэ хувилбар болох омикрон хувилбар бүртгэгдсэн улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн Монгол Улсын иргэдийг тусгаарлан ажиглах байранд хувийн зардлаар нь 10 хоног тусгаарлахаар болсон. Мөн гадаадын иргэдийг Монгол Улс хүлээн авахгүй байх шийдвэрийг УОК-оос гаргасан. Харин бусад улс орноос эх орондоо ирж байгаа иргэд сайн дураараа гэртээ 1хоног өөрийгөө тусгаарлан ажиглахыг холбогдох байгууллагаас зөвлөж буй. Өнгөрөгч ням гарагт Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан шинэ нисэх онгоцны буудалд халдвар хамгаалалтын дэглэмийг хэрхэн баримталж буйтай биечлэн танилцжээ.
Халдварын тархалтыг дотоодод дахин алдахгүй байх тал дээр онцгой анхаарч байгаагаа тэрбээр онцолж, гадаадаас ирж байгаа иргэдэд хүндрэл учруулахгүйгээр яаралтай шинжилгээ авч үйчлэхийг зөвлөлөө. Тус онгоцны буудал дээр ХӨСҮТ-ийн тандалт судалгаа, шинжилгээ авах хоёр баг 7 хоногийн ээлжийн хуваарьтайгаар ажиллаж байгаа аж.
11 сарын 27-ноос хойш нийт 16 нислэг ирсэн. Эдгээр нислэгээр ирсэн иргэдээс түргэвчилсэн болон PCR шинжилгээг шуурхай авч байгаа. Нийт ирсэн хүмүүсийн зургаан иргэнээс Covid-19-ийн альфа болон дельта хувилбар илэрсэн болохыг тогтоосон. Тэдгээр иргэдийн хувьд Истанбул, Дубай, Энэтхэгээс ирсэн гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээллэв.
Хилийн хяналтын бүсүүдэд шинжилгээний цэгүүд байгуулах ажлыг эрчимжүүлсэн. Гадаадаас ирж буй иргэд 72 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний “сөрөг” хариутай байх ёстой. Үүн дээр нэмээд нисэх буудалд ирэх үед, хилийн боомтоор ирэх үед нь түргэн оношлуураар шинжилгээ авч байгаа. Иргэдийн зүгээс эерэг, сөрөг олон сэтгэгдэл ирж байна. Шинэ мутаци болох омикрон хувилбарын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор УОК-оос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг шалгахын зэрэгцээгээр шинжилгээний хариуг удаахгүй гаргах, зорчигчдийг чирэгдүүлэхгүй байх дээр анхаарч ажиллах хэрэгтэйг Шадар сайд онцгойлон анхааруулав. Мөн шинжилгээ авч байгаа эмч ажилтан нарын өнжих суух өрөөг тохижуулах үүргийг холбогдох албаныханд өглөө.
Холбоотой мэдээ