Иргэд эрхээ эдэлж жагсахад нь төр зөвшөөрөл олгодог байх ёсгүй

Нийгэм
g.enkh@1day.mn
2021-12-03 10:47:08

Хүний эрхийн үндэсний комиссын /ХЭҮК/ гишүүн, хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид “Ардчилсан Үндсэн хуулийн амин сүнс нь хүний эрх, эрх чөлөө. Энэ нь хүнд төрөхөөс заяагдсан үнэт зүйл. Тэр утгаараа бид Үндсэн хуульдаа хүний заяагдмал үнэт зүйлийг хуульчилсан. ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа, Б.Энхболд нар иргэн Э.Одбаяр, Д.Монголхүү нарын асуудалд хяналт тавьж ажилласан. Тэд “Жагсаал цуглаан хийх журмын тухай хууль цаг үеэсээ хоцорсон” гэж дүгнэсэн. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг 1994 онд баталсан. Жагсаал цуглаан хийх тухайгаа Засаг даргад бүртгүүлнэ гэж байгаа ч үнэн хэрэгтээ зөвшөөрлийн механизм ажиллаж байна. Нэгэнт хуульд жагсаал, цуглааныг бүртгүүлэх ёстой гэж заасан учраас энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд цагдаа албадан тараахаас өөр аргагүйд хүрдэг. Энэ нь цагдаа, иргэд хооронд зөрчилдөөн үүсэх шалтгаан болдог. Мөн өлсгөлөн зарлах эрхзүйн зохицуулалт, үзэл бодлоо илэрхийлэх шинэлэг арга хэмжээг хэрэгжүүлэх хуулийн зохицуулалт байхгүй” гэдгийг онцоллоо. УИХ-ын гишүүн Н.Учрал Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөль оруулах тухай хуулийн төслийг боловсруулж буй. Тэрбээр “Өнөөдөр жагсч  цуглах, үзэл бодлоо илэрхийлэхдээ заавал Засаг даргад мэдэгдэж, бүртгүүлдэг. Улмаар гурав хоногийн дотор Засаг дарга үндэслэлийг нь нягтлаад зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэдэг. Энэ нь зөвхөн бүртгүүлж байгаа болохоос зөвшөөрөл олгох зохицуулалт биш. 2015 онд батлагдсан хуулийн энэхүү заалт нь маш том ухралт юм. Тиймээс энэ хуулийн өөрчлөлтөөр  иргэд жагсаал цуглаан зохион байгуулахдаа тухайн шатны Засаг даргаас зөвшөөрөл авах бус мэдээлэл хүргүүлж, бүртгүүлдэг болно. Иргэд жагсаал цуглаан зохион байгуулж байгаа тохиолдолд төр тэдний аюулгүй байдлыг л хангаж ажиллах ёстой. Иргэд эрхээ эдэлж жагсахад нь төр зөвшөөрөл олгодог байх ёсгүй” гэв.

Холбоотой мэдээ