Цагаан сар хүртэл цахимаар хичээллэнэ

Нийгэм
g.enkh@1day.mn
2021-12-01 11:45:45
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан оюутан, сурагчдын амралттай холбоотойгоор мэдээлэл хийснээс хүргэе.
- 12 сарын 18-наас сурагчдын нэгдүгээр улирлын амралт эхэлнэ. 12 өдрийн хичээл үлдсэн учир ирэх 7 хоногт танхимаар хичээллээд, үлдсэн долоо хоногтоо цахимаар хичээллээд, төлөвлөсөн хугацаандаа амралтаа эхлүүлье гэсэн чиглэлтэй байна. Амралтыг наашлуулахгүй. Улаанбаатар хотод “5-9” зарчмаар хичээллэж байгаа учир 12 сарын 18-нд амралтаа эхлүүлэх нь зөв. Гэхдээ тодорхой эрсдэлүүд бий. Томуугийн дэгдэлт, өвчлөлт ихэсч байна. Гуравдугаар тунд хамрагдах хэрэгтэй. Омикрон гэдэг шинэ вирусийн давалгаа дэгдэх эрсдэлтэй байна. Хэн ч хэлж мэдэхгүй шүү дээ.
Их, дээд сургуулиудын хувьд 12 сарын 6-наас шалгалтууд нь эхэлдэг. 2022 оны 01 сарын 10-ныг хүртэл үргэлжилдэг. Засгийн газрын хуралдаанаар 12 сарын 10-ныг хүртэл оюутнуудыг гуравдугаар тунд хамруулах тал дээр анхаарч ажиллая гэсэн. Одоо энэ аян маш идэвхитэй явж байна. Нийт 119 мянган оюутны 40 мянга нь гуравдугаар тундаа хамрагдсан байна. Тиймээс 12 сарын 10-ныг хүртэл танхимаар хичээллээд, цахимаар өгч болох шалгалтуудыг нь цахимаар өгүүлж, яг танхимаар өгөх шаардлагатай шалгалтуудыг нь 02 сарын 1-нээс өгүүлье гэсэн нөхцөл байдал үүссэн.
-Сургуулийн амралтыг наашлуулъя гэсэн ч 12 өдрийн хичээлийг заавал цахим руу шилжүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Дахиад л хичээлийн хоцрогдол үүснэ. Энэ долоо хоног, ирэх долоо хоног танхимаар хичээллээд үлдсэн нэг долоо хоногт нь цахимаар хичээллүүлээд амраана. Маргаашаас хичээлийг амраавал нэгдүгээр сарын 15 гэхэд хичээл эхэлнэ. Хичээлийн шинэ жилийн хөтөлбөр батлагдчихсан.
Их, дээд сургуулиудын оюутнуудыг 12 сарын 10-ныг хүртэл вакциныг нь хийлгэж, тэгээд амраая. Гэхдээ цахимаар өгөх боломжтой шалгалтыг нь цахимаар, танхимаар өгөх шаардлагатай шалгалтыг нь Цагаан сарын дараа зохион байгуулъя гэж байна. Цэцэрлэгийг 12 сарын 10-наас хойш цахимд шилжүүлж магадгүй. Эцсийн шийдвэр гараагүй. Ирэх Даваа гаригт танилцуулна.
Холбоотой мэдээ