Хотын даргын 2040 оны төсөөлөл

Улс Төр
g.enkh@1day.mn
2021-12-01 11:16:46
“Улаанбаатар хот- Хөгжлийн чиг хандлага” форум болж байна. Форумыг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Бид өнгөрсөн нэг жилд Улаанбаатар хотын хөгжил, цэцэглэлтийн төлөө УИХ, Засгийн газар, НИТХ-тай хамтран олон жилийн турш хуримтлагдсан асуудлыг нэгдмэл бодлогоор шийдвэрлэхийг зорилоо. Форумаар нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжлийн нөөц, бололцоог та бүгдийн оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан богино хугацаанд, үр дүнтэй ашиглах гарц, шийдлийн талаар санал солилцож, бодит ажил хэрэг болгохыг зорьж байна” гэв. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон 27 жил шинэчлэгдээгүй байсан, нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулсан. Ингэснээр Улаанбаатар хот 30 жил хуримтлагдсан олон асуудлаа шийдэх боломж бүрдэж байгаа. Ирэх оноос хэрэгжих энэ хуулиар нийслэл хотын эрх зүйн чадамж дээшлэх, хуульд заасны дагуу үнэт цаас гаргах, нийслэлд хэрэгжих төсөл, хөтөлбөрийг төр, хувийн хэвшлийн түншлэл, концессоор хэрэгжүүлэх, нийслэлийг хөгжүүлэх сан байгуулах, дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулах, нийслэлийг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх эрх зүйн үндэс бүрджээ. Улаанбаатар хотын хөгжлийн 2040 оны төсөөллийг Хотын дарга дурдахдаа, "Хотын айл өрх 667 мянга, хүн ам энэ үед 2 сая 89 мянга гаруй болж, хоёр хотын шинэ төв, 5 дэд төв, 26 олон нийтийн төвтэй, түүнчлэн, сургуулийн тоог 84, цэцэрлэгийг 425-аар нэмнэ. Шинээр 1.738.8 км зам тавьж, олон түвшний 14 уулзвар, 30 гүүрэн байгууламж, 9 нүхэн гарц шинээр барьж, оргил цагийн хөдөлгөөний дундаж хурдыг 22.5 км/цаг болгон нэмэгдүүлэхээр төлөвлөсөн"-ийг онцлов. Улаанбаатар хотын удирдлагууд ирэх жилүүдэд гадны хөрөнгө оруулалтыг нэмэх, хотын эдийн засгийн чадавхыг сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн боломжийг хангах, одоо хэрэгжиж буй олон улсын томоохон төсөл хөтөлбөрийг нэмэх зэрэг сэдвээр илтгэл танилцуулж, санал солилцож байна. Мөн автозамын түгжрэлийг шийдэх, хөдөлгөөнийг сайжруулах талаар харилцан ярилцлаа.
Холбоотой мэдээ