Хөл бөмбөгийн фанатуудын тоо эрчимтэй нэмэгдсээр
НийгэмАХБХ-ны Мэдээлэл харилцааны хорооны 3 дахь удаагийн хурал 2021 оны 11 сарын 10-ны өдөр цахимаар амжилттай болж өнгөрсөн. Хурлыг тус хорооны дарга МХБХ-ны Ерөнхийлөгч, АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч А.Ганбаатар удирдан явуулсан юм.
Тус хорооны өмнөх хурлаас дэлхий дахинд үүсээд буй цар тахлын нөхцөл байдлын улмаас АХБХ-ны мэдээлэл, харилцаа, сурталчилгааг нийгмийн сүлжээний олон талбарыг ашиглан эрчимжүүлэх шийдвэр гарсан бөгөөд тус хурал дээр дүгнэн хэлэлцжээ. 2016 оны мэдээлэл харилцааны үйл ажиллагааг энэ 2021 оны 9-р сарын үр дүнтэй харьцуулахад хөл бөмбөгийн үзэгчид, дэмжигчдийн тоо маш эрчимтэй нэмэгдэж байгаа нь харагдлаа. Жишээлбэл, дээр заасан хугацаанд АХБХ-ны Facebook дагагчид 235%, Twitter дагагчид 282%, LinkedN сувгийн дагагчид 350%, Youtube сувгийн дагагчид 1128%, Instagram дагагчид 4710% тус тус нэмэгджээ. Ялангуяа вэб хуудсыг шинэчлэн хийж мандарин хэл дээр мэдээлэл оруулдаг болсноор Хятадын Weibo сүлжээний дагагчид ганцхан жилийн дотор 450000 гаруй тоогоор буюу эрс нэмэгдсэн байна.
МХБХ-ны Зөвлөлийн ээлжит удаагийн хурал 2021 оны 11-р сарын 09-нд болсон бөгөөд МХБХ-ны мэдээлэл сурталчилгааны үйл ажиллагааг идэвхжүүлэн шинэлэг сувгууд, шинэ арга барилаар ажиллахаар шийдвэрлэсэн нь цаг хугацаагаа олсон шийдвэр байсныг тус хурал батласан юм.
МХБХ-ны маркетингийн хэлтсээс мэдээлэл, сурталчилгааны олон хэлбэрийг мөн үр дүнтэй ашиглаж байгаа гэдгээ үзэгч, фэнүүддээ дахин танилцуулахдаа таатай байгаагаа дуулгалаа. Та бүхэн дараах нийгмийн сүлжээний хаягуудыг хөл бөмбөгийн фанатуудад түгээн танилцуулаарай.