Соёлын сайдын эргэлзээтэй тайлбар

Улс Төр
e.tselmeg@1day.mn
2021-11-22 09:41:46
Богд Зонхова бурханы хөшөөг анх 5,5 тэрбум төгрөгөөр барихаар Засгийн газрын тогтоол 2021 онд батлагдаж, Соёлын сайдын багцад тусгагдсан байсан. Улмаар төсөвт өртгийг нэмэгдүүлж, 32 тэрбум төгрөгөөр барихаар 2022 оны төсөвт суулгасан нь багагүй хэл ам дагуулаад байна. "Шинэ сайдууд төсвийн мөнгөөр тоглох нь, хэн нэгэн сайд хэний даалгавраар төсөв идэлцэж эхлэв..." гэх зэргээр хардлага ч дагуулж эхэлсэн мэдээлэлд "хэргийн эзэн" нь хариу өгчээ.
"Богд Зонхова" цогцолборын төсөлтэй холбоотойгоор Соёлын Сайд Ч.Номин байр сууриа илэрхийлэхдээ: "Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх "Богд Зонхова" цогцолборын төсөл намайг Соёлын сайдаар томилогдохоос өмнө эхэлсэн төсөл юм. Анх Соёлын яам энэ цогцолборыг барих, эхлүүлэх санаачилга гаргаагүй, өнгөрсөн хугацаанд энэ төсөлд нэг ч төгрөг зарцуулаагүй болно. Энэ хөрөнгө оруулалтыг цаг үеэ олоогүй гэж үзэж байгаа учраас Соёлын сайдын хувьд “Богд зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй болохоо үүгээр мэдэгдэж байна. Монгол Улсын хувьд түүх, соёл, шашин нь бидний оршин тогтнохтой холбоотой асуудал. Гэвч, аль ч шашинд сүсэглэх, шүтэх нь аливаа цогцолборыг барих, болихоос үл шалтгаалах дотоод итгэл үнэмшлийн асуудал тул эвийг эрхэмлэхийг Та бүхнээс хичээнгүйлэн хүсье" гэжээ.
Төсөв мөнгийг нь нэмэж батлуулаад, түмэн олон эсэргүүцэхээр больчихлоо гэж мэдээлж буй дээрх тайлбар үнэхээр эцсийн шийдвэр үү, ингэсгээд намжаах гэсэн арга уу? гэж ихэд эргэлзэхэд байна.
Холбоотой мэдээ