У.Хүрэлсүх: Нэр төдий биш, дорвитой, шийд зоригтой алхам хий

Нийгэм
1day@1day.mn
2022-04-11 13:18:05

Ерөнхийлөгч өнөөдөр УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын байнгын хороодын дарга нар, Засгийн газрын гишүүд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, гишүүдэд үүрэг, чиглэл өглөө.

Тэрээр өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдтэй мөн уулзах юм байна. Ерөнхийлөгч "Хоёр хоногийн турш болсон жагсаалын нөхцөл байдлыг ҮАБЗ хэлэлцсэн. Бид ниргэсэн хойно нь хашхирав  гэдэг шиг байдалтай байна. Би гадаад болон дотоод нөхцөл байдлын талаар хоёр удаа ярьсан. Хүнсний аюулгүй байдал, зам тээвэр, шатахууны асуудлаар анхаарч ажиллах шаардлагатай байна. Чухал мэдээлэл өгч байна хэмээн та бүхэнд сануулсан. Хэлээд байхад өнөөдөр нөхцөл байдал ийм болов. Дэлхийн нөхцөл байдал хүнд байгааг хаа хаанаа ойлгож байна.  Цар тахалтай  хоёр жил тэмцлээ. Араас нь ОХУ-Украины асуудал үүссэн. Сүүлийн нэг жилд дэлхийн зах зээлд түүхий газрын тосны үнэ хоёр дахин,  үр тариа, мах, ургамлын тосны үнэ 30-40 хувиар өсжээ.

УИХ, Засгийн газар ажил төрлөө сайтар нягталж, харилцан уялдаа холбоотой ажилла. Ажлаа сайжруул. Хурдан шуурхай арга хэмжээ ав. Дотоод нөөц бололцоогоо бүрэн дайчил. Шаардлагатай бол төсвийг тодотго. Ор нэр төдий биш, дорвитой арга хэмжээ авах шаардлагатай. Өргөн хэрэглээний барааны үнийн хөөрөгдөл, эрчим хүчний асуудалд анхаар. Тариалалтаа сайжруулан, хүнсээ гаднаас авмааргүй байна.  Хүнсээ дотоодоос бүрэн хангадаг улс болох шаардлагатайг хоёр жилийн хугацаанд бидэнд ойлгууллаа.   Өөрсдийн шатахуунтай байх маш чухал. Сэтгэл, зориг гаргаж ажилла. Тодорхой асуудлуудыг шийдэх хэрэгтэй.

Ард түмэнд нөхцөл байдлаа үнэнээр нь хэлэх шаардлагатай. Худлаа ярьж болохгүй. Чадахаа чадахаар нь хэл. Хөрөнгө мөнгөө үнэнээр нь хэлэх хэрэгтэй. Тэгвэл ард түмэн бодож үзнэ, ойлгоно. Ямар нөхцөл байдалтай нүүр тулснаа хэлэхгүй, юу болох гээд байгааг хэлэхгүй байна. Асуудлаа ил ярихгүй болохоор ард түмэн бухимдаж байна. Хэрэгцээгүй бүх зардлаа тана. Шаардлагагүй хөрөнгө оруулалтыг бүгдийг тана. Дэлхий даяар маш хүнд нөхцөлд амьдарч байна. Дэлхий нийтээрээ Эх орны дайнаас хойших хамгийн хүнд үе тулгарлаа гэцгээж байна. 

Зарим улсын нөхцөл бүр хүндэрч байна. Бүх ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд би та бүхэнд иргэдийн тавьсан шаардлагын дагуу яаралтай шийдвэр гарга гэж хэлэхээр та бүхнийг цуглуулсан" гэв.

Холбоотой мэдээ