С.Одонтуяа: Хүүхдийн эрхийн бодлогууд бүх түвшинд нэн шаардлагатай байна

Улс Төр
g.enkh@1day.mn
2021-11-22 09:41:58
Ковид-19 цар тахлын үед Дэлхий нийтэд хүүхдүүд цахим орчинд ихэнх цагийг өнгөрүүлж байгаа. Манай улсын интeрнeт хэрэглээ эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан цахим орчинд хойч үeэ хамгаалах, зөв зохистой интeрнeт хэрэглээнд төлөвшүүлэхэд олон нийт, эцэг эхчүүд, төрийн болон иргэний байгууллагуудыг анхаарч ажиллахад нөлөөлөх, цахим орчны хор уршгаас хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл, арга замыг хамтдаа тодорхойлж, хэрэгжүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах зорилготойгоор уг хэлэлцүүлгийг өрнүүллээ.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Инноваци цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн, УИХ дахь хүчирхийллийн эсрэг лобби бүлгийн ахлагч Б.Баярсайхан болон Харилцаа холбоо, мэдээлэл технолгийн газрын дарга А.Золзаяа, БШУЯ-ны сургуулийн өмнөх, ерөнхий боловсролын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Ням-Очир, ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Баярбаясгалан, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга С.Тайван, Харилцаа холбооны зохицуулах хорооны мэргэжилтэн Г.Энхмаа, СЭМҮТ-ын захирал Л.Насанцэнгэл, дэд захирал В.Баярмаа, НҮБ-ын хүүхдийн сангийн төслийн зөвлөх Л.Ариунзул, Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийн бүрэлдэхүүнтэй хэлэлцэж тулгамдаж буй асуудлуудыг ярилцлаа.
Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа “Өмнө нь батлагдсан хүүхэд хамгааллын хуульд биет зүйлсээс хамгаалах тухай заасан. Цахим орчинд хамгаалах тухай энэ хуульд нэмэлт, өөрчлөлтөөр оруулж өгөх хэрэгтэй. Цахим орчны тухай тусдаа хуультай болгох эсэх тал дээр мэргэжлийн хүмүүсийн санал санаачлагыг авна. Бид хууль эрх зүйн орчноо зөв тодорхойлох нь хамгийн чухал байна. Хүүхдүүдэд хэрэгтэй чухал, зөв хууль гаргахын төлөө хамтран ажиллая” хэмээн хэлсэн үгэндээ онцолсон юм.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан “Төрийн болон төрийн бус байгууллагууд цахим орчинд дахь хүчирхийлэл, гадуурхалтын эсрэг олон төрлийн хөдөлгөөнийг өрнүүлж байсан боловч манай улс цахим орчны хүчирхийлэл, амиа хорлолтоор хүн амынхаа тоотоо харьцуулахад дэлхийд тэргүүлж байна. Хөгжингүй орнууд цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах хуулиа батлаад хэрэгжүүлж байна. УИХ-ын гишүүний хувьд цахим орчинд хүний эрхийг хамгаалах, хүүхдийн эрхийг хамгаалах хуулийг санаачилж судалгааны ажлаа эхлүүлээд явж байна. Цахим орчин хүүхдийн эрхийг хамгаалах тухай бие даасан хууль батлахын тулд УИХ-ын гишүүд хүчин чармайлт гарган ажиллах болно. Үүнд та бүгдийн оролцоо чухал” гэв.
Сүүлийн жилүүдэд цахим хэрэглээ өргөжихийн хэрээ интернет болзоо нь зөвхөн насанд хүрэгчдэд хамаатай асуудал биш болсныг, цахим орчны зөв зохистой хэрэглээний мэдлэг, ойлголт тэдэнд дутагдаж байгааг харуулж байна.
Судалгаанаас харахад:
2020 оны байдлаар Монгол Улсад сошиал медиа идэвхитэй хэрэглэгч 2 156 000 байна. Нийслэлийн иргэдийн 84%, орон нутгийн иргэдийн 77% нь буюу 1 724 767 иргэн фэйсбүүкчин. Тэгвэл 15-60 насны 10 хүн тутмын 8 нь буюу 2.2 сая гаруй хүн сошиал медиа ашигладаг. Тэдний 95% нь гар утаснаас холбогддог. Ухаалаг гар утасны хэрэглээ 80 хувь болж нэмэгдсэн. 14-21 хүртэлх насны залуус ажлын өдрийн 6 цагийг буюу ухамсарт амьдралынхаа 50 хувийг сошиалд зарцуулж, амьдралынх нь 50 хувь сошиалд өрнөж байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд фэйсбүүк идэвхитэй хэрэглэгчдийн дийлэнх нь 18-34 насны залуучууд болсон.
Тиймээс цахим орчин дэх халдлагаас хүүхдээ хамгаалахын тулд хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхдийн эрхийг хамгаалах бодлогууд, үйл явц болон холбогдох Гаднын талуудтай хамтран ажиллах, зүй бус контентоос хүүхдийг хамгаалах, эцэг эхийн хяналтын системийг суулгах, багш, сурган хүмүүжүүлэгчид хүүхдүүдийн цахим ур чадвар эзэмшүүлэх, аюулгүй ашиглахад нь сургах, хүртээмжтэй, чанартай хүүхэд харах үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх нэн шаардлагатай байна.
Цаашид өсвөр насныхны хувьд цахим орчин нь нэгэнт хэрэглээ болсон тул шууд хязгаарлахаас илүүтэй ухаалаг хэрэглээг зүй зохистой хэрэглэх талаар сургалт, сурталчилгаа хийх, сургалтын хөтөлбөрт тусгах, багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтад цахим хэрэглээ, сэтгэл зүйн зөв дадал, ухаалаг хэрэгцээний талаар сургалт, үйл ажиллагааг хөтөлбөрөөр оруулах, сөрөг мэдээллийг шүүгч программ хангамжийн мэдлэгийг олон нийтэд, оновчтой сувгаар тогтмол олгох нь үр дүнтэй гэсэн саналууд яригдлаа.
Хэлэлцүүлгээс гарсан санал санаачлагыг хуулийн төсөлд тусгаж эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллахаа УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа онцоллоо.
Холбоотой мэдээ